“МанЮ” финалд “Барса”-тай халз тулна

2011-05-09,

Английн “Манчестер Юнайтед” клуб өнгөрсөн шөнө Германы “Шальке 04”-ийг талбайдаа хүлээн авч, Аваргуудын лигийн хагас шигшээгийн хариу тоглолтод өрсөлдөгчөө 4:1...
харьцаатай буулган авснаар хоёр тоглолтын нийлбэрээр энэ шатны учраагаа 6:1-ээр бут ниргэлээ. Германы Гельзенкирхен хотноо болсон эхний тоглолтод 2:1-ээр хожиж, давуу байдалтай болсон “Улаан чөтгөрүүд” өнгөрсөн шөнийн тоглолтод талбайд илт илүүрхсэн. Тэд энэ сарын 28-нд алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд Аваргуудын лигийн цомын төлөө “Барселона”-тай өрсөлдөнө. Өмнө нь 2009 оны финалд Ром хотноо хоёр баг халз тулахад Испанийн баг 2:0-ээр хожиж байлаа.

Өнгөрсөн шөнийн тоглолтын тухайд “МанЮ” 26 дахь минутаас эхлэн тэргүүлж эхэлсэн. Антонио Валенсиягийн дамжуулалтаар Дэррон Гибсон гоолдож, тооны харьцааг нээсэн бол таван минутын дараа дээрх хоёр тоглогч дахин хосолж, гоолын зөрүүг холдуулжээ. Энэ удаад гоолын эзэн нь Валенсия байв. Тоглолтын эхний хагаст багтаж “Шальке” онооны харьцааг ойртуулж чадсан. 35 дахь минутад Хосе Мануэль Хурадо гоолдсоноор эхний хагас 2:1 харьцаатай талбайн эздийн давамгайлал дор өндөрлөжээ. Ийнхүү “Шальке” гурван гоолын даалгавартай хоёрдугаар хагасыг эхлүүлсэн. Харамсалтай нь, “МанЮ”-гийн хамгаалалтыг сэтэлж чадаагүй, харин эсрэгээр хаалгандаа хоёр гоол алдсан юм. Бразил тоглогч Андерсон 72 дахь минутад баруун жигүүрээс ирсэн Нанигийн дамжуулалтыг гүйцээж, гоолдсон бол эхний гоолоосоо хойш дөрвөн минутын дараа Димитар Бербатовын дамжуулалтыг чулуу болгосноор дублийн эзэн болжээ.

Сэр Алекс Фергусон багийнхаа бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт оруулсан байсан. Тэр нь ч нүдээ олж, ямартай ч тэд Аваргуудын лигийн финалд өрсөлдөх эрхээ авлаа. Харин энэ ням гаригт “Челси”-тэй тоглох бөгөөд ялагч нь Премьер лигийн аварга болох болзлоо хангана гэж ойлгож болох юм. 

Өнгөрсөн шөнийн тоглолтын дараа Сэр Алекс ITV Sport-д өгсөн ярилцлагадаа “Миний сонголтоор талбайд гарсан тоглогчид сайн байлаа. Баг маань тэднээр бахархаж байна. Дахин финалд шалгарсан нь гайхалтай  хэрэг. Ийм хэмжээний багийн хувьд Европын тавцанд гаргасан амжилт нь хангалтгүй гэдгийг би үргэлж хэлдэг байсан. Гэхдээ сүүлийн дөрвөн жилд гурав дахиа Аваргуудын лигийн финалд шалгарна гэдэг муугүй хэрэг” хэмээжээ.

бичсэн: All Day I Dream About Sport... төрөл: SporT
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax